🐉 Лууны дүрстэй “мөнгөн зоос бол ” – Заавал Хятад зоос байдаггүй миний би та бүхэнд ѳмнѳ нь Вьтнам мѳнгѳн зоос дээр тайлбарлаж байсан.
Харин энэ мѳнгѳн зоосон дээр луу дүрслэгдэж, бүхэлдээ хятад ханзаар бичигдсэн байдаг тул олон хүн энэ зоосыг мѳн л Хятадын зоос гэж андуурдаг. Гэвч үнэн хэрэгтээ энэ бол Японы зоос юм.
Барууны хэв маягийн дугуй зоосыг Япон улс Хятадаас эрт цутгаж эхэлсэн байсан нь маш сонирхолтой баримт юм. Доорх зоос нь 1870 онд, Эзэн хаан Мэйжигийн (жинхэнэ нэр нь Муцухито) зарлигаар хийгдсэн мөнгөн зоос юм.
Улсаа орчин үеийн болгох, барууны стандарттай ойртуулах зорилгоор Мэйжи эзэн хаан эртний, төвөгтэй мөнгөний системийг халж, алт, мөнгөөр баталгаажсан, барууны хэв маягийн валют нэвтрүүлсэн нь гадаад худалдааг хөнгөвчилсөн байна.
Уг зоосны дараагийн он жилүүдэд цутгагдсан зоосон дээр англиар “One Yen” гэж бичсэн байдаг тул хойшид андуурах нь элт багассан гэж үзжээ.
Харин энэ анхны зоос дээр англи бичээс огт байхгүй тул хятад ханз уншиж чаддаггүй хүнд танихад нэлээд төвөгтэй.

Дугуй хэлбэртэй байсан тул шинэ валютыг “Иен (Yen)” гэж нэрлэсэн бөгөөд Хятадтай адилхан 圆 (Юань) ханзыг ашиглаж байсан байдаг нь шууд харагдана.
Хожим энэ ханз Хятадад 元, Японд 円 болж хялбаршсан бөгөөд өнөөдөр ч Юань, Иений тэмдэг болгон хэрэглэгдэж байна.
Зоосны нүүр талд мэргэн ухааны сувд барьсан Япон луу дүрслэгдсэн байна. Сонирхолтой нь, Хятадын эзэн хааны луу 5 сарвуутай байдаг бол Япон луу ердөө 3 сарвуутай байдаг.
Хятад, Японд хоёуланд нь эзэн хаадыг лууны удам гэж үздэг. Хятадын домогт луунууд Хятадаас үүсэж, холдох тусам сарвуугаа алдсаар Солонгосын луу 4, Японы луу 3 сарвуутай болсон гэдэг. Харин Японд эсрэгээр нь “луунууд Японоос гарч, холдох тусам сарвуу нь олширсон” гэж ярьдаг нь хоёр орны эртний өрсөлдөөний нэг илрэл болов уу.
Мэйжигийн 3-р оны (1870) мөнгөн иен нь Японы хамгийн ховор зооснуудын нэг боловч Хятадын олон ховор зоостой харьцуулахад үнэ нь харьцангуй боломжийн тул Монгол цуглуулагч та нэгийн олоод хадгалсан байхад илүүдэхгүй дээ.